2010-01-25

Ан агнуурын тухай хууль


2000 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хот

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь агнуурын амьтныг агнах, барих, агнуурын нөөцийг зохистой ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Ан агнуурын тухай хууль тогтоомж

2.1. Ан агнуурын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай, Амьтны аймгийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Агнуурын амьтны сан, түүний байршил нутгийг эзэмших, ашиглах

3.1. Агнуурын амьтны сан нь Монгол Улсын нутаг дэвсгэр дэх унаган, нутагшсан буюу нүүдлийн агнуурын хөхтөн амьтан, шувуу, загаснаас бүрдэнэ.
3.2. Агнуурын амьтны байршил нутагт агнуурын амьтан амьдрах нөхцөл бүрдсэн газар, ой, ус хамаарна.
3.3. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал агнуурын амьтны байршил нутагт үйлдвэрлэлийн, ахуйн болон тусгай зориулалтаар агнуурын амьтан агнах, барих бүс тогтоож болно.
3.4. Агнуурын амьтны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, ангийн гаралтай түүхий эд бэлтгэх зорилгоор агнуурын амьтны байршил нутгийг холбогдох хууль тогтоомж, гэрээний дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж, ашиглуулж болно.

4 дүгээр зүйл.Агнуур зохион байгуулалт, түүний санхүүжилт

4.1.Агнуурын амьтны тархац нутаг, тоо толгой, сүргийн бүтэц, нөхөн үржил, агнуурын нөөцийг судлан тогтоож, түүний үндсэн дээр тухайн газар нутгийн агнуурын амьтны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, өсгөн үржүүлэх үндэслэл боловсруулах ажил агнуур зохион байгуулалтад хамаарна.
4.2.Агнуур зохион байгуулалтын тайлан, дүгнэлт нь агнуурын амьтны нөөцийг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаархи үйл ажиллагааны үндэс болно.
4.3.Агнуур зохион байгуулалтыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага / цаашид "төрийн захиргааны төв байгууллага" гэх/-аас эрх олгосон мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.
4.4.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нутаг дэвсгэртээ агнуур зохион байгуулалтыг 4 жил тутамд хийлгэж, үйлдвэрлэлийн зориулалтаар агналт явуулсан тохиолдолд жил бүр тооллого хийнэ.

4.5.Агнуур зохион байгуулалтыг дараахь байдлаар санхүүжүүлнэ:
4.5.1. агнуур зохион байгуулалтын ажлын зардлыг улсын төсөв, агнуурын нөөц ашигласны төлбөрөөс;
4.5.2. иргэн, аж ахуйн нэгж, байгууллага гэрээгээр эзэмшиж, ашиглаж байгаа байршил нутагтаа хийлгэх агнуур зохион байгуулалтын ажлын зардлыг өөрийн хөрөнгөөр.

5 дугаар зүйл.Агнуурын амьтан агнах, барих төлбөр, хураамж

5.1.Агнуурын амьтан агнах, барихад төлбөр, хураамж төлнө.
5.2.Агнуурын амьтан агнах, барих төлбөр, хураамжийн хэмжээ, түүнийг төлөх, төлбөр, хураамжаас хөнгөлөх, чөлөөлөх журмыг хуулиар тогтооно.

6 дугаар зүйл. Агнуурын амьтан агнах, барих эрх, зориулалт

6.1. Холбогдох хууль тогтоомжийг судалсан, ангийн буу эзэмших эрхийн үнэмлэхтэй, зохих журмын дагуу зөвшөөрөл авсан иргэн агнуурын амьтан агнах, барих эрхтэй.

6.2. Агнуурын амьтныг дараахь зориулалтаар агнаж, барина:
6.2.1. үйлдвэрлэлийн;
6.2.2. ахуйн; 6.2.3. тусгай.

7 дугаар зүйл.Агнуурын амьтан агнах, барих зөвшөөрөл

7.1. Иргэн ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад эрхийн бичиг, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тусгай зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад тусгай зөвшөөрөл тус тус авч, үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад гэрээ байгуулна.
7.2. Агнуурын амьтан агнах, барих гэрээ, эрхийн бичиг, тусгай зөвшөөрлийн загварыг төрийн захиргааны төв байгууллага батална.
7.3.Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн сум дахь байгаль орчны улсын байцаагч гарал үүслийн тодорхойлолт /цаашид "тодорхойлолт" гэх/ олгоно.
7.4.Энэ хуулийн 7.3-т заасан тодорхойлолтын загвар, олгох журам, тодорхойлолт олгогдвол зохих ан амьтан, тэдгээрийн түүхий эдийн жагсаалтыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
/ Энэ зүйлийн 3, 4 дэх заалтыг 2002 оны 4 дүгээр сарын 25-ны хуулиар нэмсэн/

8 дугаар зүйл. Агнах , барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох

8.1.Төрийн захиргааны төв байгууллага тухайн жилд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг агнуурын амьтны нөөц, хэрэгцээг харгалзан аймаг, нийслэлээр тогтооно.
8.2.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 8.1- д заасан дээд хязгаарт багтаан өөрийн нутаг дэвсгэрт агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг сумдаар тогтооно.
8.3.Тухайн жилд тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

9 дүгээр зүйл. Үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барих

9.1.Сумын Засаг дарга дараахь болзол хангасан аж ахуйн нэгж, байгууллагатай үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барих гэрээ байгуулна:
9.1.1.сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр;
9.1.2.мэргэжлийн боловсон хүчин, анчидтай байх;
9.1.3.агнуурын амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх санхүүгийн чадавхитай байх.

9.2.Энэ хуулийн 9.1- д заасан үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барих гэрээнд агнах, барих агнуурын амьтны нэр, тоо хэмжээ, агнах хугацаа, газар, бэлтгэх түүхий эдийн нэр төрөл, тоо, төлбөр, хураамжийн хэмжээг тусгана.

10 дугаар зүйл.Ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барих

10.1.Энэ хуулийн 6.1-д заасан иргэн өөрийн ахуйн хэрэгцээнд зохих төлбөр төлж, сумын Засаг даргаас авсан эрхийн бичгийн дагуу агнуурын ховор амьтнаас бусад амьтныг агнаж, барьж болно.
10.2.Ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барих эрхийн бичигт иргэний овог, эцгийн нэр, нэр, агнах, барих агнуурын амьтны зүйл, тоо, агнах, барих хугацаа, газар, төлбөр, хураамжийн хэмжээг нарийвчлан заана.

10.3. Ахуйн зориулалтаар агнуурын амьтныг агнах, барих нэг удаагийн эрхийн бичгийг Монгол Улсын иргэнд дор дурдсан хугацаагаар олгоно:
10.3.1. шувуу, тарвага агнаж, загас барихад 3 хүртэл хоног;
10.3.2.энэ хуулийн 10.3.1-д зааснаас бусад агнуурын амьтан агнах, барихад 5 хүртэл хоног.

10.4.Энэ хуулийн 10.3.- д заасан иргэнд нэг удаагийн эрхийн бичгээр агнах, барихыг зөвшөөрөх агнуурын амьтны тоо хэмжээ нь туурайтан амьтан 1, тарвага 5, бусад үслэг ан 1, хөтүү, ятуу, ногтруу шувуу тус бүр 10, ой, хээр, ус, намгийн бусад шувуу 5, тул загас 2, бусад загас 10 ширхэгээс илүүгүй байна.
10.5.Монгол Улсад түр буюу байнга оршин суугаа гадаадын иргэн Монгол Улсын иргэний адил хэмжээний төлбөр төлж ахуйн зориулалтаар зөвхөн загас барьж болно.

11 дүгээр зүйл. Тусгай зориулалтаар агнуурын амьтан агнах, барих

1.1.Тусгай зориулалтаар агнуурын ховор ан амьтан агнах, барих болон тусгай төлбөр төлсөн гадаадын иргэнд ан амьтан агнуулах, бариулах зөвшөөрлийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, бусад агнуурын амьтан агнах, барих зөвшөөрлийг сум, дүүргийн Засаг дарга олгоно./Энэ хэсгийг 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

11.2.Агнуурын амьтныг агнах, барих тусгай зөвшөөрөл нь дараахь төрөлтэй байна:
11.2.1.агнуурын ховор амьтныг судалгаа шинжилгээ, соёл урлаг, эмчилгээний зориулалтаар;
11.2.2. гадаадын болон Монгол Улсын иргэн тусгай төлбөр төлж;
11.2.3. нутаг дэвсгэрт агнуурын амьтны сүргийн бүтэцийг зохицуулах, халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор;
11.2.4.спорт- агнуурын чиглэлээр.

12 дугаар зүйл. Ангийн буу, сумны захиалга, зарцуулалт

12.1. Төрийн захиргааны төв байгууллагаас баталсан тухайн жилд агнах агнуурын амьтны тоо, хэмжээний дээд хязгаарыг үндэслэн ангийн буу, сумны гадаад захиалга, хуваарилалтыг төлөвлөн хэрэгжүүлнэ.
12.2. Ангийн буу, сумыг захиалах, худалдаалах тухай журмыг холбогдох хууль тогтоомжоор тогтооно.

13 дугаар зүйл. Агнуурын амьтан агнах, барих хугацаа

13.1.Агнуурын амьтныг дор дурдсан хугацаанд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнах, барихыг зөвшөөрнө:
13.1.1.бор гөрөөс, цагаан зээр, гахайг 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 1-ний өдөр хүртэл;
13.1.2.баавгайг 8 дугаар сарын 1-ний өдрөөс 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл;
13.1.3.ойн булга, хадны суусар, элбэнх, шилүүс, нохой зээх, үнэг, хярс, хэрэм, ойн солонго, чандага, бор туулайг 1О дугаар сарын 21-ний өдрөөс дараа оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүртэл;
13.1.4.тарвагыг 8 дугаар сарын 1О-ны өдрөөс 1О дугаар сарын 16-ны өдөр хүртэл;
13.1.5.заарт хархыг 1О дугаар сарын 16-ны өдрөөс дараа оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл;
13.1.6.доргыг 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 11 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл.

13.2. Ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар шувуу агнах, загас барихыг дор дурдсан хугацаанд зөвшөөрнө:
13.2.1.хөтүү, ятуу, хахилга, ногтруу, хур сойрыг 9 дүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл;
13.2.2.галуу, нугас болон ус, намгийн бусад шувууг 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэл, 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 1О дугаар сарын 21-ний өдөр хүртэл;
13.2.3.дархадын цагаан загасыг 1О дугаар сарын 2О-ны өдрөөс дараа оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүртэл;
13.2.4.Буйр нуурын загасыг 8 дугаар сарын 1-ний өдрөөс дараа оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл;
13.2.5.омоль загасыг 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 1-ний өдөр хүртэл;
13.2.6.зарам загасыг 11 дүгээр сарын 15-ны өдрөөс дараа оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүртэл;
13.2.7.алтайн сугас загасыг 8 дугаар сарын 1-ний өдрөөс дараа оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл;
13.2.8.энэ хуулийн 13.2.З-13.2.7-д зааснаас бусад загасыг 6 дугаар сарын 15-ны өдрөөс дараа оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл.

13.3. Эмчилгээ, судалгаа шинжилгээ, халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор агнуурын амьтныг агнах, барих тохиолдолд энэ хуулийн 13.1,13.2.-т заасан хугацааг харгалзахгүй байж болно.
13.4.Энэ хуулийн 13.1,13.2.-т зааснаас бусад агнуурын амьтан агнах, барихыг зөвшөөрөх хугацааг төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
13.5. Энэ зүйлийн 13.1,13.2-т заасан болон агнуурын ховор амьтныг тусгай төлбөртэйгээр агнах, барихыг зөвшөөрөх хугацааг төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

14 дүгээр зүйл. Агнуурын амьтан агнах, барихад хориглох арга, зэвсэг хэрэгсэл

14.1.Дор дурдсан арга, зэвсэг хэрэгслээр агнуурын амьтан агнах, барихыг хориглоно:
14.1.1. химийн бодис, тэсрэх дэлбэрэх зүйл, хэрэгсэл ашиглах;
14.1.2. агнуурын амьтны жим дээр нүх ухах, буу сойх, занга, сааль тавих;
14.1.3. туурайтан амьтныг агнахад цасанд умбуулах, мөсөнд халтиргах, хясаа, эрэг, ганга руу нисгэх, хавх тавих;
14.1.4. тарвагыг нүхэнд нь утах, ус цутгах, урхи тавих, нохойгоор зориудаар бариулах;
14.1.5. агнуурын амьтныг агаарын болон автотээврийн хэрэгслээр хөөх;
14.1.6. загас барихад буу, бамбар, цахилгаан гүйдэл, хаалт, хашилга, гувчуур хэрэглэх;
14.1.7. ахуйн хэрэгцээнд загас барихад тор хэрэглэх;
14.1.8. ан агнах зориулалтын бус буу, сумаар .

15 дугаар зүйл.Агнуурын амьтан агнах, барихтай холбогдсон зарим үйл ажиллагааг хориглох

15.1.Агнуурын амьтан агнах, барихтай холбогдсон дараахь үйл ажиллаагаа явуулахыг хориглоно:
15.1.1. шуурга, ган, зуд, үер, мөндөр, түймэр зэрэг байгалийн гамшигт нэрвэгдсэн болон гол мөрөн, намаг, шаварт орох зэрэг биеэ хамгаалах чадваргүй болсон агнуурын амьтныг агнах, барих;
15.1.2. булаг, шанд, хужир мараанд ирж буй амьтныг отож агнах;
15.1.3. өөр нутагт шилжин байршиж байгаа агнуурын амьтныг агнах, барих;
15.1.4. агнуурын амьтны үүр ичээ ухах, гэмтээх;

15.1.5. агнуурын амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх зорилго бүхий байр, саравч, тэжээл мараа, бусад байгууламжийг эвдэж гэмтээх, устгах;
15.1.6. агнуурын амьтныг сайн танилгүй буюу анир чимээнээр таамаглаж буудах;
15.1.7. агнуурын амьтны үр төлийг агнах, шувууны өндгийг түүх, гэмтээх, устгах;
15.1.8. ангийн буу, агнуурын амьтан агнах, барих гэрээ, тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг бусдад шилжүүлэх;

15.1.9. тарвага, зурам тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйтээгүй арьсыг хот, тосгонд оруулах;
15.1.10. хот, тосгоны ногоон бүсэд судалгаа шинжилгээ, халдварт өвчний голомт эрүүлжүүлэх, ан амьтны тоо толгойг зохицуулахаас бусад зорилгоор агнуурын амьтан агнах, барих;
15.1.11. үйлдвэрлэлийн зориулалтаар загас барих бүх төрлийн торны нүдний хэмжээ 30х30 мм-ээс доош байх;
15.1.12. агнуур зохион байгуулалтын ажлыг хуульд заасан хугацаанд нь хийлгээгүй аймаг, нийслэл, сум, дүүргийн агнуурын байршил нутагт агнуурын амьтан агнах, барих.

151 дүгээр зүйл. Ан амьтны гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглох

151 .1.Энэ хуулийн 7.3-т заасан тодорхойлолт аваагүй ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно. /Энэ зүйлийг 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн./

16 дугаар зүйл. Ан агнуурын тухай хууль тогтоомжийг зөрчигчид хүлээлгэх хариуцлага

16.1. Ан агнуурын тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч буюу эрх бүхий улсын байцаагч дор дурдсан захиргааны хариуцлага хүлээлгэнэ:
16.1.1. хугацаа нь дууссан зөвшөөрлөөр ан агнасан, загас барьсан, эсхүл ангийн буу, ан агнах, загас барих гэрээ, тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг бусдад шилжүүлсэн, зохих зөвшөөрөлгүйгээр агнуурын амьтныг агнах, барихыг завдсан иргэнийг 5000-10000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000 төгрөгөөр торгох;
16.1.2. энэ хуулийн 15. 10-т заасныг зөрчсөн иргэнийг 1000-5000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-75000 төгрөгөөр торгох;

16.1.3. энэ хуулийн 14.1.2, 14.1.3, 14.1.4, 14.1.6, 15.1.1, 15.1.2, 15.1.3, 15.1.5, 15.1.6, 15.1.7, 15.1.11, 15.1.12-д заасныг зөрчсөн иргэнийг 2000-5000 төгрөгөөр, албан тушаалтныг 10000-60000, аж ахуйн нэгж , байгууллагыг 50000-100000 төгрөгөөр торгох;

16.1.4. энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хугацааг зөрчиж ан агнасан, загас барьсан, эсхүл агнуурын амьтныг зохих гэрээ, тусгай зөвшөөрөл, эрхийн бичигт зааснаас хэтрүүлэн агнасан, барьсан иргэнийг 10000-15000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 75000-100000 төгрөгөөр торгох;

16.1.5. энэ хуулийн 14.1.1, 14.1.5, 14.1.7, 14.1.8, 15.1.4, 15.1.9, 15.1.10-д заасныг зөрчсөн иргэнийг 10000-20000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 75000-150000 төгрөгөөр торгох;

16.1.6.зохих эрхийн бичиг, тусгай зөвшөөрөлгүйгээр ахуйн болон тусгай зориулалтаар агнуурын амьтан агнасан, барьсан, энэ хуулийн 7.3-д заасан жагсаалтад орсон ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан бол хурааж, иргэнийг 10000-25000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-200000 төгрөгөөр торгох; /Энэ заалтыг 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

16.1.7. зохих гэрээ байгуулахгүйгээр үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнасан, барьсан иргэнийг 35000-50000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-250000 төгрөгөөр торгох.

16.2. Энэ хуулийн 16.1.2-16.1.7-д заасан зөрчлийг давтан үйлдсэн, эсхүл зохих зөвшөөрөөлгүй, агнуурын ховор амьтан агнасан, барьсан буюу тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг худалдсан этгээдэд зохих хууль тогтоомжийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
16.3. Байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч хууль бусаар агнуурын амьтан агнасан, барьсан этгээдийн ангийн зэвсэг, хэрэгсэл, агнасан, барьсан агнуурын амьтан, тэдгээрийн арьс, үс, мах, эвэр, заар, бусад түүхий эд болон олсон орлогыг хураана.
16.4. Гэм буруутай этгээдийн хууль бусаар агнуурын амьтан агнах, барихад ашигласан автомашин, мотоцикль, тээврийн өөрөө явагч бусад хэрэгслийг жолоодох эрхийг байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагчийн мэдүүлснээр энэхүү эрхийг олгосон эрх бүхий байгууллага нь 2 жил хүртэл хугацаагаар хасаж болно.

17 дугаар зүйл. Зөрчил илрүүлсэн, мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулах

17.1.Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдийг илрүүлсэн буюу түүний тухай мэдээлэл өгсөн иргэнд уг мэдээлэл нь батлагдсан тохиолдолд зөрчил гаргагчид ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийн хэмжээний 15 хувиар тооцож мөнгөн шагналыг сум, дүүргийн Засаг дарга олгоно.